Бодлоор туулсан амьдрал ба морин уруулын феноменологи

2024-08-21 09:46
Бодлоор туулсан амьдрал ба морин уруулын феноменологи

Зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” романд гарч буй үзэгдлүүд нь Дэгмид өвгөний шороон шуургатай өдөр харсан галт шувуу, цэнхэр өнгөтэй манан, Бичигт уулын гандмал дээлтэй, шарга морь хөлөглөсөн савдаг, тэнгэрт гарсан хоёр нар, дүн өвлөөр дуугарах тэнгэр, шуурганы дараа тал дүүрэн ургачихсан бөгөөд нэгэн агшны дараа үзэгдэхгүй болсон морин уруул зэрэг сэтгэх явцаар ухамсарт нь бий болж буй зүйлүүд юм. Гагцхүү байгаль эх юуны учир энэ бүх зүйлийг Дэгмид өвгөний оюун бодолд ургуулж, нүдэнд нь харагдуулж буйг тайлах эрлийн зүг уншигчдыг огтхон ч хөтлөлгүй, мөн чанар, далд утгыг нь зохиолын гол баатарын бодлоор дамжуулан хүмүүст хэлж өгч буйгаараа “Морин уруул” нь шинэлэг зохиол болж чаджээ.

 

Учир нь “Энэ улаан шорооны байж байгааг, жилээс жилд л улам нэмэгдээд байх юм аа. Намайг бага байхад манай нутагт шороо шуурдаггүй байсан гэвэл худлаа болно, гэхдээ арай ч ийм байгаагүй юм даа…, ….Манайх чинь газар шороо ухах төнхөхдөө сайн юм, харин ургуулж цэцэглүүлэхдээ маруухан улс байх аа.” хэмээсэн нь Дэгмид өвгөний үзсэн “Гэрийнх нь зүгээс яг түүнийг чиглэн улаан шороон дундуур нэг их хуйларсан бөөн гал довтлогон ирж харагдчихуй” гэх ба “Гэхдээ тэр гал түүний дэргэдүүр өнгөрөхдөө гал биш амьд амьтан болох нь танигдах төдийхөн болоод чанх урагш одчихуй” гэж амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл оньсого мэт бодогдож, сэтгэхүйгээс нь үл салах шороон шуурган дундаас уурссан мэт цоо ширтэх галт амьтны нүдээр анхнаасаа л газар нутаг ухаж төнхсөний учир лус садваг хилэгнэж Дэгмид өвгөн болон өөр бусад хүмүүст дохио өгч байгаа юм гэх зохиолчийн далд санаа, мөн чанар нь анхнаасаа үзэгдэж буй зүйлд нь давхар өгөгдчихсөн байна. Тиймдээ ч Германы философич Эдмунд Гуссерль “Ухамсар бол зүгээр ч нэг бодит биш, харин туйлын бодит, аливаа мөн чанарын үндэс” гэж үзсэн билээ. Үүнтэй адил Дэгмид өвгөний дүр болоод “Морин уруул” романы гол утга агуулга нь үүн дээр л зангидагдаж буй юм.

Мөн Гуссерлиэс ч өмнө феноменологи гэх нэр томьёог хэрэглэж байсан гэгддэг Германы сонгодог идеалист философич Гегель “Үгүйсгэл бол үнэний шалгуур мөн. Үгүйсгэл үгүй байна төөрөгдлийн шалгуур болно” гэж үзсэн байдаг. Тиймдээ ч уг романд алт ухаж байгаад шороон шуургатай хамт аварга том шувуу нисч ирээд нүх рүү унагасан хэмээн ярих хоёр залууг ухаан мэдрэлгүй юм ярилаа гэж шүүмжлэх “нинжа”-нуудын дунд сууж яваа Дэгмид өвгөн “…Тиймээс тэдэнтэй юу ч ярих билээ зөвхөн дотор хүнтэйгээ л, – Өчигдөр би нэг хачин галт амьтан яалт ч үгүй харсан даа. Өчигдөр их л сонин өдөр байж. Би галт амьтан хараад өөр хүмүүст бас аварга том шувуу харагджээ. Яахын л аргагүй миний харсан тэр гал бол амьтан байсан даа” хэмээн бусдад мэдэгдэлгүй сэмхэн ярих “Сонин юм даа. Миний дээр харсан нөгөө нэг галт амьтантай л төстэй юм шиг байна даа. Яахаараа хадны зураг тэгж гал шиг улалзан харагддаг байна аа. Эд нарт би бас гал дүрэлзсэн сонин амьтан харсан гээд хэлчихвэл айж сандраад сүйд болох байлгүй. Холын хүмүүст юу ч хэлэхэв” хэмээх нь үзэгдэж буй юмсын мөн чанарын тухай ойлголт бөгөөд үнэний үгүйсгэл юм. Тиймдээ ч Дэгмид насан эцэстлээ өөрийн дотоод мөн чанарт үнэнийг хадгалсаар байдаг. Харин тэр өөрийн үзсэн бодит зүйлсийг үгүйсгэх сэтгэлгүйгээр шуудхан л хүн бүхэнд ярьж явсан бол үнэн үгүй болж Гегелийн үзсэнээр бодол дотроо төөрөлдөх байсан болов уу.

Нөгөөтэйгүүр Дэгмид өвгөний оршихуйн утга учир нь дурсамжийн гэрэл гэгээ юм. Тэр өөрийн гэсэн гэрэлтэй, бүрхэг, цочмоор олон дурсамжуудыг сэтгэлдээ сэргээн санаж түүгээрээ өөрийгөө хүрээлүүлэн өдөр хоногийг өнгөрөөнө. Үүнийгээ өөрт нь тохиолдох гэнэтийн явдлуудын хүчээр дурсан санаж, домгийн ертөнцөд очин ухамсаргүйгээр “архетип” бий болгож байна. Дэгмидэд төсөөлөгдөж буй зүйлүүд лууны дүрс, Хүдрэнгийн голд луу ичдэг гэх яриа, Бичигтийн хаднаас лууны мөр үзвэл их буян хураадаг, урт насалдаг гэх цуу зэргийг хооронд нь холбож өгсөн нь зохиолд онцгой байр суурь эзлэх бөгөөд ид шид, үлгэрийн олон баримтууд энэ номонд олноор бичигдсэн нь талын дунд цавцайх эсгий гэрийн дотор, тоонын хээ туяаруулан гэрэлтэх галын хажууд үлгэр, туульс зохиогдож эцэг өвгөдийн түүх бүтээгдэж байсныг өгүүлсэн санаа биз ээ.

Хамгийн гол нь хуудсаас хуудас дамжин өгүүлэгдэж буй ганцхан хүний бодол л энэ романы турш үргэлжилнэ. Үнэний үгүйсгэлийг олж нээснээрээ үнэн гэдэг зүйлтэй учирч буй Дэгмид өвгөний ухаарал нь “Сэржмаа уураг тархинд минь, сэтгэл зүрхэнд минь үргэлжид цуг байсан болохоор насан туршид минь л надтай хамт байсан байж таарч байгаа юм биш үү” гэх мөчид хүрээд “Тэгээд ч гэсэн хүний биеэр туулсан амьдралаас бодлоор туулсан амьдрал нь хавьгүй уудам байдаг бус уу. Тиймээс Сэржмааг хүлээгээд байх шаардлага надад байхгүй байсан юм байна, эргэж ирээгүйд нь харуусах шалтгаан ч угаасаа байхгүй байсан юм байна” гэж бодсоноо толгойгоо дахин хэзээ ч дааж чадахааргүй болчихуй” хэмээн бодол нь дуусна. Өвгөн дахин өндийхөөргүй болжээ. Тиймээ “биеэр бус бодлоор туулсан амьдрал” хавьгүй уудам байдаг бус уу. Юутай ч Дэгмид өвгөн өөрийнх нь оронд ажлыг нь хүлээн авах эмч байхгүйг сайн ухамсарлаж байвч, үхэл ирчихээд буйг ухааран Долзодын бага хүүг сумын төв ороход нь эмнэлгийн захиралтай уулзуулахыг даалгаж буй, эцсийн эцэст морин уруул нь тал дүүрэн ургахыг харсан ч түүндээ эргэлзэж байгаа зэрэг нь үзэгдэж буй юмсын жинхэнэ дүр, бодох бүрийд тархинд нь асар том орон зайг эзлэн тэлсээр байсан хэрэг. Ийм л нэг бодлоор туулсан амьдрал дэндүү уудам байсан нь мэдээж. Монголын уран зохиол дахь хүүрнэл зохиолын нэгэн том төлөөлөгч С.Дашдооров гуайн өгүүллэг шиг буугаад л мордох хорвоод үзэж харсан зүйлсээ үгүйсгэх төвшинд хүргэж, дурсамжийнхаа аглагт даяанчлан, бодлоор тэтгэгдэж яваа хүмүүний оршихуйн утга учир нь дан ганц сэтгэхүйд бус бусдын тухай гэгээн бодолдоо ганцаар суух мөч бүр нь хүний сэтгэл зүй, хайр дурлал, шашин, нийгмийн бүрхэг байдал, цөвүүн цаг, уул усны нарийн тогтолцоо, ичимтгий зан төрхийн мөн чанарт хандаж өгсөн нь Дэгмид өвгөний төсөөлөл, мэдрэхүйд зангидагдсан байна.

 

“Эд зүйлсийн хувьд оршин байх гэдэг нь хүнд ашиглагдах гэсэнтэй утга нэг сонсогддог бол, хүн оршин байх явцдаа гадаад ертөнцөө өөрчлөн хувиргаж, сонголт хийж, ингэснээрээ өөрөө өөрийгөө ч бас өөрчилдөг” гэж Мартин Хайдеггер үзсэн. Тэгвэл зохиолын гол баатар маань өөрийн оршин байх үедээ бодол санаандаа буух зүйлүүдийн өөрчлөлтүүдийг ухамсаргүйгээр тусган авч өөрийгөө бүхэлд нь өөрчилж байна. “Луу үнэхээр байдаг болов уу гэж үнэн санаасаа нэг удаа ч эргэлзэн гайхширч байгаагүй билээ. Дэгмидэд луу гээч амьтан домгийн л амьтан, газар дэлхий дээр тийм амьтан огт байхгүй гэсэн итгэл үнэмшил оюун санаанд нь гүн гүнзгий хадагдсан юм. Тэгтэл энэ итгэл үнэмшил нь нөгөө галт амьтныг өөрийн нүдээр харснаас нь хойш бүрмөсөн өөрчлөгджээ. Дэгмид Хүдрэнгийн голын эхэнд луу ичдэг гэдэгт одоо эргэлзэхээргүй болжээ” гэсэн буй. Үлгэр, домгийг зохиомол л гэж бодож явдаг Дэгмид өвгөн нэгэн шуургатай өдөр галт шувуу дэргэдүүр нь нисэн өнгөрснийг үзсэн цагаас л эхлэн бүхий л сэтгэхүй нь нэг ёсондоо урвалд орж гадаад ертөнц нь хувирснаар өөрийгөө өөрчилж байгаа юм. Ерөөс хувь хүн аж төрөх, нөгөөтэйгүүр оршин байх гэдэг хоорондоо тэс ондоо зүйлүүд ажгуу. Хүн төрөлхтний сэтгэхүй аж төрөх тал руугаа нэлээд хэвгийсэн боловч оршихуйн утга учир, мөн чанар нь төсөөллөөр дамжин сэтгэхүйд үүсэж буй зүйлс юм гэдгийг цөөнх нь ухамсарладаг.


“Морин уруул”-ын хамгийн их сонирхол татахуйц нэгэн бүлэг нь “Эр газар” юм. Насан өвгөн Дэгмидэд нөгчихөөсөө өмнөхөн хоёр газар нүдлүүлж, сайтар ажиглаж авахыг тушаасан байдаг. Дэгмид үүний учрыг нь тайлалгүй явсаар л… Харин “Монголчууд газрыг эр, эмээр нь ялган тогтоогоод тухайн газар нутгийн онцлог байдалтай амьдрал ахуйгаа тохируулахыг эртнээс хичээж иржээ…, … Учир нь эм газар нь хэзээ хувьсан өөрчлөгддөггүй учраас олон жилийн дараа ч нуусан зүйлсийг эргэж хайхад төвөггүй олддог байна. Харин эр газар бол тодорхой хугацааны дараа хувьсан өөрчлөгддөг учраас ямар нэгэн зүйлээ булж үлдээвэл эргэж олоход төвөгтэй болдог байсан байна” хэмээн Дэгмид радиогоор уламжлалт ардын ухаан судлаач хэмээгдэх нэгэн эрдэмтний яриаг олж сонсоно. Энэ нь өвгөний ухамсарт тусч буй баримт юм. Тийнхүү “…Дэгмид өнөөх хоёр газрынхаа өвс, шороог нь л арай тоолж үзсэнгүй. Сайтар нарийвчлан шинжилж харлаа. Нэг их юм бодолгүй хальт, мульт харвал олон жилийн өмнө Насан өвгөнийг дагаж анх очсоноос нь хойш тэрхүү хоёр газар дээр хүний нүдэнд анзаарагдах өөрчлөлт нэг их ороогүй юм шиг л харагдах аж. Гэсэн хэрнээ сайн анзааран харвал эхний үзсэн газар нь зарим хэсгээрээ үл ялиг овон товон үүсгэсэн байхын сацуу өвс ургамал нь өөрчлөгдсөн байх нь анзаарагджээ. Харин хоёр дахь газар нь ямар ч өөрчлөлт ороогүй анх харахад ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа мэт санагджээ. Энэ бүхнийг харчихаад Дэгмид арай ганцаараа дуу алдсангүй. Насан өвгөн түүнд газрын хүйс нүдлүүлэх гэж тийнхүү хоёр газар зааж өгсөн аж” хэмээн ухамсарт буусан зүйлээсээ тухайн юмсын мөн чанарыг олж, нээж буй явдал юм.

Үүнтэй холбоотойгоор дахиад л Гуссерлийн жишээг татах хэрэгтэй болох нь. Түүний “Аливаа зүйлийн ухамсарт тусч буй туйлын мөн чанарыг тодорхойлох нь феноменологийн нэг чухал үүрэг юм. Аливаа зүйл ухамсарлагдаж байгаагийн гол учир мөн чанарт нь л байгаа хэрэг” гэж үзсэнтэй Ц.Буянзаяагийн зохиолд гарч буй газрын эр, эм хүйсний талаарх өгүүлэмж Дэгмид өвгөний үйлдэлтэй гойд сайхан зохицож буйтай маргах хүн үгүй биз ээ. Баримт угаас оршин буй зүйлсийг л тодорхойлон өгүүлдэг. Харин энэ нь “Ингэхэд ер нь Чингис хааныг эр газар онголчихсон юм биш үү. Тиймээс өнөөдөр зүсэн зүйлийн хүмүүс их хааны маань онгоныг хайгаад олохгүй байгаа юм биш үү” гэх цаад мөн чанарын асуудалд хандах шинэ хандлагаар илрэн ухамсарт тусч байна. Оршин тогтнож буй бүхий л цаг үедээ хүмүүс юмсын мөн чанарыг эрж хайсаар ирсэн. Учир нь оюун ухаан, сэтгэхүйгээ аль ч зуунд хөгжүүлэхэд анхаарч байсан нь юмсын мөн чанарыг олж мэдэх хязгааргүй хүсэлд хөтөлсөн хэрэг. Тиймдээ ч ухамсар нь ахуй болон оршихуйгаа тодорхойлно. Нэг ёсондоо Дэгмид өвгөн бодлоор дамжуулан аж төрж байна гэсэн үг билээ.


Утга зохиол судлаач, яруу найрагч Б. Алтанхуяг

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл