Шуурга уруудаж зогсох гээд урагш алхахаа больсон хашин хүрэн морио хөтлөн зүтгэх Дэгмид өвгөний сэтгэлд одоо хийгээд өнгөрсний тухай түмэн бодол бас л шуурга мэт хуйлран буй тухай энгийн өгүүлэмжээр эхэлсэн “Морин уруул” роман чамбай бүтээл болжээ. Орны хүнийг иртэл байж бай хэмээн сумын эмч үүрэгдээд мартаж орхисон багийн эмч өвгөн Дэгмид энд тэндхийн дуудлагаар амсхийлгүй зүтгэх бөгөөд дахин дахин буцалгаж хэрэглэдэг хуучин муу тариураа орчин цагийн нэг удаагийн тариураас илүү найдвартай гэж үзнэ. Энэ зуур хүмүүсийн араншин ихэд өөрчлөгдөж “Эмч ээ, эмч ээ” хэмээн хүндэлдэг хүмүүс цөөрч, ах насыг нь хүндлэхийн оронд агсарч загнадаг богино бодолтой залуус олширно. Монгол даяараа интернет сүлжээнд холбогдож дэлхийн нөгөө бөөрөнд болж буй үйл явдлын мэдээ чимээг тэр дор нь мэдэж сонсох атлаа багийн эмч Дэгмид сумын хүн эмнэлгийн салбарын даргадаа Долзодын бага хүүгээр хэл дамжуулчихаад хариу авалгүй хэдэн сарыг элээнэ. Хэвтэрт ороод хоёр нүд нь л хөдлөх төдий байгаа Долзод хөгшин “Чи энэ сонгуулиар аль намын хүн сонгох гэж байна?” гэж Дэгмидээс асуун улстөржинө. Насны залууд дагуулж ирсэн сайхан бүсгүй Сэржмаа нь хирээ угаах халуун усны газаргүй, кино үзэх улаан булангүй газарт амьдарч чадахгүй гээд нэг л өдөр гоёмсог улаан алчуураа дэрвүүлэн хойд хөтөл давснаас хойш насаараа түүнийг сэтгэлдээ хайрласаар яваа Дэгмидийн дотоод ертөнц бодлоор нь дамжин дэлгэгдэнэ.
Дэгмид бол ихэнх насаа социализмын үед өнгөрөөгөөд монголчууд хөрөнгөтний нийгмийн замаар хөгжихөөр сонголт хийн, яаж хөгжих учраа олох гэж элдвээр оролдож байгаа үед үлдсэн насаа элээж буй хөдөө нутгийн жирийн нэгэн өвгөний хэв шинжит дүр юм. Түүнд эд хөрөнгө гэх юм байхгүй, эдэд шунах шунал бас байхгүй. Бусдыг дуурайн ойворгон хөвсөргөн загнах муу чанар бас үгүй. Багийн хэдэн айлын дунд насыг элээсэн, уншсан номоор маруухан ч амьдралаас олсон ухаарал мэдлэг арвинтай учраас аливаа шийдэл гаргахдаа гол алддаггүй, бас түргэн түүхий юм хүнд ярьж намба алдахгүй гэсэн хатуу зарчмаар хэнхдэг цээжнийхээ цаана ихэнх бодлоо үлдээдэг холч ухаантай нэгэн. Тэглээ гээд хүн чанараа гээчихсэн аминч муу бодолтон биш. Алтны эрэлчид дунд байсан найман сартай жирэмсэн эмэгтэй дутуу төрөх гээд орь дуу тавьж байхад тэр олон хүн огт тоохгүй байгаад Дэгмид гайхашран халаглаж, цооног руу олсоор дүүжлэн орж эх үрийг хоёр яс хагацуулна. Олз ашгийн төлөө хоёр нүдээ ухахаас буцахгүй улсад яснаасаа дургүй. Бас улстөр ярьж сул хөрстэй газарт боссон хуй салхи шиг хамгийг үймүүлж явдаг хүмүүст дургүй. Тэрээр Сэржмаагаа мөрөөдөн солиорох дөхөвч энэ нутгаа орхиод хойноос нь явж төвдөөгүй, Хүдрэнгийн голын хөвөөнд өөрийг нь юу түшчихаад байгааг ойлгоогүй, ойлгохсон гэж хичээгээ ч үгүй нэгэн.
Түүний төрөлх нутгаас хот хүрээ бараадсан залуусаас эргэж ирсэн нь цөөн. Үүнийг хагархай Санжийн “Хот газар гэдэг чинь нэг уургалж авсан хүнээ буцааж явуулдаг газар биш юм шиг байна билээ. Нэгэнт хотруу явсан хүн тэндээ өлсөж цангаж байсан ч буцаж чаддаггүй юм биш үү” гэсэн хэдхэн үгээр зохиолч илэрхийлж, хөдөө газрын эмгэнэл болсон том асуудлын мөн чанарыг гаргаж чадсан байна.
Аймгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад дотуур байрны хүүхдийн хоолны гурил будаа шомбодон ажлаасаа халагдсан Бадруул нэг мэдэхэд сумын хамаг хөрөнгөнд эзэн сууж, сонгуульд ялан Засаг даргаар хоёронтоо сонгогдоно. Ингэхдээ коммунист Нээнээтэй хонь чоно болж, түүнийг хоцрогдсон бүдүүлэг, коммунист хэнхэгээр нь дуудаж, Нээнээ өөрийг нь нийтийн хөрөнгөнөөс завшигч, үл бүтэх этгээд хэмээн цоллоно. Улмаар хэн хэнийхээ бөгс бөөр, хөнжил дэвсгэрийн асуудлыг хүртэл сөхөж, эцэст нь Бадруул ялж, Нээнээ насан эцэслэтлээ түүнийг муучлана. Зохиолч ийнхүү хөдөө суманд эрх мэдэл, албан тушаал булаалдсан хоёр хүний тэмцэл хөрхөн өрнөж, хэрхэн дуусгавар болж байгаагаар Монгол оронд сүүлийн хоринтаван жилд өрнөж буй улстөрийн амьдралын нийтлэг дүр зургийг хураангуйлан харуулж чадсан нь энгийн боловч оновчтой шийдэл юм.
“Хүдрэнгийн гол бол гээгдсэн ертөнцийн тасархай билээ” гэж зохиолч нэгтээ бичжээ. Өнөөгийн Монголын амьдрал, монгол хүмүүний сэтгэлгээний өөрчлөлт хувьслыг Хүдрэнгийн гол хэмээх бөглүү нутгаар дэвсгэрлэн тэнд амьдрах цөөн хүний дүрээр, тэгэхдээ ихэвчлэн өвгөн Дэгмидийн бодол эргэцүүлэл, дурсамж, мөн зохиогчийн энгүүн хүүрнэлээр илэрхийлсэн нь “Морин уруул” романыг өвөрмөц сонирхолтой болгожээ.
“Морин уруул” романы хоёрдахь шугам нь хийсвэр ертөнцийн үзэгдлүүд. Дэгмид өвгөн их шуурганаар харьж явахдаа эрчилсэн улаан гал өөрийг нь чиглэн довтолгосоор хажуугаар нь өнгөрөхөд яалтгүй л амьтан байна гэдгийг ойлгосон ч чухам ямар амьтан болох тухай төсөөлөл ч үгүй хоцорно. Тэгтэл Мөнгөн толгойд ирж алт ухан газар сэндийчиж байгаа алтны эрэлчдийн хоёр нь мөнөөх их шуурганы үеэр цооногт унаж бэртэх агаад ер бусын аврага том шувуу довтолгон ирэхэд далавчных нь салхинд цохигдон нүхэнд унасан гэж барим тавим ярьцгаана.
Нутгийнхан Хүдрэнгийн голын эхэнд луу ичдэг гэж эртнээс хэлэлцсээр ирсэн бөгөөд Дэгмид нэг удаа сэнгэнэсэн хүйтэн ус уумаар санагдан голын эхэнд шуугиулж хүртэл гандмал дээлтэй өвгөн хүрч ирээд адуу мэт дөрвөн хөллөн ус ууж ханасныхаа дараа “Луу гэдэг амьтан байдаг юм аа. Хувилгаан амьтан учраас ямар дүртэй үхнэ, тэр дүрийнх нь яс үлддэг” гэхчлэн хөөрөлдөж байгаад голын эхний Бичигтийн хэцрүү морьтойгоо гарна. Энэ тухай сонссон Насан өвгөн “Бичигт хайрханы савдаг нь гундсан шарга морьтой, гандсан цагаан дээлтэй өвгөн байдаг юм гэнэ билээ” хэмээн сүйд болно. Долзод өөрийн бага хүүг тэнгэрийн хүүхэд, шар гэрлээс бий болсон гэж ярина. Ямартай ч бага хүү нь чих зөөлөн, зан сайтай, аливаад сэтгэлээсээ ханддаг хүн болж өснө. Долзодын бага хүүгийн ихэр хүүхдийг нь Дэгмид хонон өнжин байж эх барьж аваад Хүдрэнгийн гол минь он удаан жил өнөр олонтой байх нь гэж баярлана.
Мөнөөх Бичигт уулруу лууны мөр үзэх гэж очсон гаднын хүмүүс элгэн хадан дээр гал асч байхаар нь сонирхон очтол юуг нь тодорхойлох аргагүй сонин амьтны дүрс сийлээстэй байх бөгөөд түүнийг харсан бэр нь оройдоо халуурч сандаргана. Тэр бүсгүй өмнөх шөнө бүх биеэр нь гал дүрэлзсэн амьтан давхиж явна хэмээн зүүдэлснээ Дэгмид эмчид хэлнэ.
Тэнгэрт хоёр нар мандаж, хөхүй өвлөөр тэнгэр дуугарч, чоно нохой шиг атлаа уртаасурт дэлтэй амьтан жолооч залууд харагдсанаас тэрэг нь хөрвөөсөн зэрэг хий биеийн учир битүүлэг элдэв сонин үзэгдэл учралын талаар романы эхнээс дуустал өгүүлсэн нэвт шугамыг бүхэлд нь авч үзвэл этгээл сонин учралууд хоорондоо төдийлөн хамааралгүй мэт боловч нэг л зүйлийг хэлэх гээд байна гэсэн хүлээлт үүсгэж, түүний тайлал романы хувь заяаг тодорхойлно гэсэн урьдач дүгнэлт өөрийн эрхгүй бий болгоно.
Голоос ус авахаар мордсон Дэгмид гэнэтийн шуурганд өртөн хаяандаа төөрөх нь халаг юм болж эмээл, устай борви сэлтээ хээр хөдөө орхисоор үдшээр нэг юм ирээд савны ёроол дахь усны шавхруугаар ганц аяга цай хийж ууна. Маргааш босч чадахгүй байж мэднэ хэмээн хаширлаж хашин хүрэн мориндоо ахиухан өвс тавьж өгөөд ор бараадсан тэрээр өөвгөр гэртээ орь ганцаар халуурч шаналан хэвтсээр мөнхийн нойронд автах бөгөөд түүнийхээ өмнөхөн бодит хийгээд хийсвэр ертөнцийн уулзах цэг нь хүмүүний бодол санаа болохыг тодхон мэдрэнэ. Зохиолчийн бичсэнчлэн “Хүний мэддэг бүхэн мэддэггүйн учир холбогдлыг давхар агуулсан” энэ хорвоод Сэржмаатайгаа насан туршдаа сэтгэл санаагаараа цуг байсан атлаа түүнийгээ үгүйлэн санааширсаар өдийн хүрснээ тодоос тод ухаарах тэр мөчид үхэл ирнэ. “Ер нь хорвоо ертөнцөөс хүмүүс буцахын тоолонгоор хичнээн ч үлгэр домог үгүй болж байгааг хэн мэдэх билээ. Ингэхлээр амьд бие махбод байтугай үлгэр домогт ч гэсэн сүүлчийн амьсгал байдаг бололтой” хэмээн зохиогч бээр романы эхэнд титэмлэсний тайлал нь энэ болно.
“Морин уруул” романаа ийн жаргааснаар зохиолч Ц.Буянзаяа хий ертөнц гэдэг нь учир битүүлэг, үл тайлагдах аймшиг биш бөгөөд бодит ертөнцтэй учир шалтгааны хатуу эрэмбэд үл хамаарагч тэс өөр холбоосоор холбогдож хүмүүний бодол оюунд оршдог гэдгийг өгүүлснээрээ оновчтой шийдэл гаргаж, романаа зөв төгсгөж чадсан байна.
Эцэст нь “Морин уруул”-ыг туурвигчийн талаар цөөн үг хэлье. Ц.Буянзаяагийн бичсэн шүлэг, нийтлэл, хүүрнэл зохиолын номуудын тоо 15-д хүрээд буй. Аль ч номонд нь уран зохиол судлаачдын анхааралд зайлшгүй өртөх ёстой бүтээлүүд бий. Харамсалтай нь тэр талаар хэн нэгэн судлаач дорвитой дуугарсныг санахгүй байна. Үүний цаана ямар учир шалтгаан байдгийг би мэдэхгүй.
Гэхдээ Ц.Буянзаяа бол утга зохиолын ертөнцөөс шүр сувд эрж буй судлаачдын анхаарлаас ангид байх жижигхэн уран бүтээлч биш гэдгийг би сайн мэднэ. 2001 онд хэвлүүлсэн “Улаан шувууны жиргээ” роман дараа нь монгол бичгээр ч хэвлэгдсэн, англиар ч хэвлэгдсэн. Чимээгүй л байцгаана. 1997 оны “Залуугийн бадгууд”, 2012 оны “Гүн санааны дүрс” шүлгийн түүврийнхооронд эрэлхийлэл, ур чадвар, оюун санааны тэлэлтийн мэдэгдэм ахиц бий. Тэр бүхнийг нь олж харахыг хүсээгүй шигээ “Морин уруул”-ыг бас чимээгүй орхичих вий гэсэндээ ийн нуршив.
“Морин уруул” уншсан хүний урам хугарахаагүй, бас тийм гэж хэлэхийн аргагүй эмзэглэл, харуусал, юу хэлчихэв ээ гэж тухтайхан эргэцүүлэхээс аргагүй байдлыг сэтгэлд үүсгэсэн сайн бүтээл болжээ.
Урианхан Б.Галаарид