МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН НЭГЭН МАСТЕРЫН ДУРСГАЛД

2024-07-09 05:15
МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН НЭГЭН МАСТЕРЫН ДУРСГАЛД

Амьд сэрүүнд нь хэвлэгдэн гарсан цор ганц түүвэр болох 1969 оны “Нар шингээгүй” болон 1974 онд эмхэтгэгдсэн “Оддын доор” хэмээх хоёрхон л номын хэмжээнд үлдсэн өвөөрөө Пэрэнлэйн Лувсанцэрэн 1960-аад оны Монголын өгүүллэгт маш содон мастер нь болж чадсан юм. Дөнгөж 39-тэйдөө хорвоогоос буцсан энэ хүн ахиад ядаж 20 жил насалсан сан бол үндэсний утга зохиолд нөлөөлөх хэмжээний зохиолч болох байсан нь эргэлзээнгүй. Үүнийг тод томруун харуулж чадах дөрвөн өгүүллэгийнх нь тухай энд цухас ярихаар бэлдлээ. Тэгэхдээ эдгээр өгүүллэгийн бүтцийг ярихаасаа илүү онцолж нэрлэх нь л өөрөө чухал гэж бодож байна.

           1962 онд “Соёл, утга зохиол” сонинд “Нар шингээгүй байна” өгүүллэг гарснаар зохиолчийн замнал нь эхэлжээ. Түүний дараа Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд байхдаа бичсэн 13 өгүүллэг нь 1969 онд “Нар шингээгүй” нэртэй бяцхан түүвэр болж хэвлэгдсэн юм. Уг түүврийг редакторласан манай нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ “Маш сайн эхлэл” гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ анхных гэдэг утгаараа гэнэндүү. Үйл явдал нь ч тоочмол. Тухайн үеийн манай уран зохиол дүгнэлт, үзэл бодлын илэрхийллээр төгсдөг хэв шинжтэй байлаа. П.Лувсанцэрэн “би” баатрынхаа энгийн хүүрнэлээр өгүүллэгээ төгсгөх гэж хичээсэн нь харагддаг:

           “...Би байшингийн буланд шигдэж суугаад нүдээ бөлцийтөл уйллаа. Миний сэтгэлдээ хадгалж авчирсан сүү шиг сайхан санаагий минь тэр хүн даанч ухаарсангүй ээ!”

           Уг нь ингээд төгсчихсөн бол аятайхан болмоор байж. Гэвч өөрийг нь ойлгох чадваргүй, хартай нөхөртөө гомдсон бүсгүйн өчлийг зохиогч цааш үргэлжлүүлэхдээ “Гэлээ ч миний сэтгэлд нар шингэх болоогүй. Би гэрэл гэгээтэй тэнүүн сайхан амьдрал мөрөөднө” гэсэн өөдрөг уриалгаар зохиолоо төгсгөсөн нь тухайн үеийн үзэл суртал, амьдралыг уруу доройгоор дүрслэхийг зөвшөөрдөггүй асан шаардлагад аргагүй баригдсан аяс биз ээ. Зохиогч энэ төгсгөлдөө сэтгэл дундуур явсан ч байж магадгүй. Тиймээс уг түүврийн хоёр дахь өгүүллэг “Хандмаа” нэлээд өөр төгсгөлтэй бичигджээ.

           Энэ бол бас л тоочмол хэв маягтай зохиол. Гэхдээ зохиолыг зохиодоггүй, зохиогч хүн сэтгэлдээ бууснаар нь дүрсэлж бичдэг гэдгийн үлгэр жишээ болохуйц өгүүллэг. Дунд зэргийн өгүүлэмжтэй, өрнөл муутай өгүүллэгийг амьд дурсамжаар төгсгөснөөрөө зохиогч өөрийн мэдрэмж ба авьяасыг шууд батлан үзүүлсэн шиг санагддаг. Малын эмч залуу аятайхан охинтой говийн айлд хоног тааруулалгүй, оройхон хөдлөөд явах зуур орос жолооч нь:

           -Бид нэг алдаа хийлээ дээ, эмч ээ. Эднийд л хонох байсан юм гэж хэлэхэд сэтгэл нь хоргодон эмзэглэдэг.
           “...Тэр цагаас хойш олон жил өнгөрлөө. Нэлээд газар үзлээ. Гэвч миний өмнө инээмсэглээд зогсож байсан тэр охин мөнх арван найман настайгаа, өнөөх л сайхан санагддаг хэвээрээ, миний сэтгэлд өдий хүртэл бодогдсоор явдгийг үзвэл би тэр цагт ямар ч алдаа хийсэнгүй бололтой” гэж өгүүллэг төгсдөг юм.

           “Нар шингээгүй”-н төгсгөлд илүүдсэн зүйлийг “Хандмаа”-гийн төгсгөлөөс авч хаяжээ. Анхны өгүүллэгийнхээ алдааг удаах өгүүллэгээрээ засчээ. Ийнхүү 1960-аад оны манай уран зохиолд өгүүүлэгийн шинэ мастер гарч ирсэн хэрэг.

 

1.   УС ШИГ ЦЭНХЭР (1966)

 

Дээр хэлсэнчлэн шинэ мастер гарч ирсний тунхаглал бол “Ус шиг цэнхэр”. П.Лувсанцэрэнгийн амьд ахуйдаа хэвлүүлсэн цорын ганц түүврийн өмнөх үгэнд редактор Сэнгийн Эрдэнэ “Ус шиг цэнхэр” гэдэг нэр гарчгийг оновчгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байдаг. Миний бодоход харин ч тун ончтой болсон нэр мэт. Ер нь П.Лувсанцэрэн өгүүллэгт нэр оноохын хувьд ч шинэчлэл авчирсан хүн. “Сарны сонат” гээд нэг өгүүллэг бий. Тийн нэрлэх болсон шалтгаан нь ердөө л ганцхан өгүүлбэрт зангилагддаг. Амьдралаа хүүрнэж суугаа хүний яриан дундуур радиогоор “Сарны сонат” яваад өнгөрдөг, түүнийг өгүүлэгч дуртай хөгжмөө хэмээн онцолсон төдий л. Гэвч ганц л өгүүлбэрт багтсан тэр жаахан хэсэг мөнөөх өгүүллэгийн нэрийг сонин бөгөөд утга учиртай болгоход хангалттай байсан хэрэг.

           “Ус шиг цэнхэр” бол манай хүүрнэл зохиол, тэр дундаа өгүүллэг бүрэн гүйцэд төлөвшиж цэгцрээгүй үед буюу 1960-аад оны дундуур бичигдсэн хамгийн сайн өгүүллэгийн нэг.

           Жинчин өвгөн бол уламжлалт ахуйн бэлгэдэл. Өвгөн жинд явж чадахааргүй болсон ч, аянд гарах шөнийг нь залуу жинчидтэй хамт өнгөрүүлээд үдэж мордуулан сэтгэлээ баясгаж заншжээ. Жингийн цуваа бол өвгөний хувьд бүхий л амьдрал. Жингийн замд түүний залуу нас өнгөрч, бас аян жин л түүнийг залуу насных нь мартагдашгүй дурлалаас хагацуулжээ. Анх жинд мордоход нь тэр нэгэн бүсгүй “Ус шиг цэнхэр торго авчраарай” гэж захиад үддэг. Гэвч буцаж ирэхэд нь бүсгүйг хошуу дамнуулаад хадамлуулчихсан байжээ. Жинчин эр хайртай бүсгүйтэйгээ ахиж нэг ч удаа уулзсангүй. Уулзах гэж хайж яваа ч үгүй бололтой. Гэвч жин хөдлөх бүрийд ус шиг цэнхэр торго захиад үлдсэн түүнийгээ дурссаар, энэ л дурсамжаараа сэтгэлээ цатган амьдарсаар, бүр тэр л дурсамждаа сэтгэл өег явдаг тул ахиж дурлаагүй. Амьдралын эрхээр тааралдсан хэн нэгэнтэй гэрлэж, гэр бүлийнхээ амжиргааны төлөө насан турш зүтгэхдээ ч харамсаж халагласан удаагүй аж. Өгүүллэгийн төгсгөлд тэнгэр ус шиг цэнхэр харагдана. Амьдрал гэж ийм л бүдүүн хадуун, энгийн мэт боловч цаанаа нарийн нандин зүйлсийн гагнаас юм. Баянхонгорт малын эмч явсан П.Лувсанцэрэн зохиолч амьдралыг тийм гярхай ажиглаж таньснаа ийм нэгэн өгүүллэгт шингээсэн нь Монголын уран зохиолын чухаг нэгэн сувдан шигтгээ болжээ. 1966 онд бичсэн энэ өгүүллэгт жаахан нуршуу, тоочмол аяс л үзэгддэг. Гэхдээ дараа дараагийн өгүүллэгт тэр өө нь үгүй болсон байдаг билээ.

Магадгүй, зохиолч жинчин явсан эцгийгээ дурсаж, түүнийхээ дурсгалыг мөнхөлсөн нь “Ус шиг цэнхэр”-ийн Жанцан өвгөн ч байж мэднэ...

 

2.   НУРАМТЫН ӨВӨРТ (1969)

 

П.Лувсанцэрэнд монгол өгүүллэгийн гайхалтай дархан болох бүрэн дүүрэн ирээдүй байжээ гэдгийг хангалттай харуулдаг зохиол нь “Нурамтын өвөрт”. Үеийн хэдэн өвгөн малын хашаа барихаар хээр цуглаж буй тухай энэ бэсрэгхэн өгүүллэгийн өгүүлбэр бүр төгс гэж хэлэхүйц, ур хийц гойд, дүрүүд нь амьд.

           “Гэрт хүүхэд маллаж, сургаал үг соёрхож, хааяа нэг найранд хүндэт зочноор уригддаг” далан настай өвгөдөөр “гавшгай бригад” байгуулсан санаачлагч Хаймчиг өөрөө шургааг цавчиж чадаж байгаа эсэхээ сэм шалгахаар, басхүү ойр зуур бэлтгэл хийхээр бусдаасаа зориуд түрүүлж ирдэг. Тэгээд хөлөө цавччих шахна.

           Цугласан өвгөдийг хамгийн уран төлөөлдөг дүр бол бие давжаа, нүд номхон, зориг мохоо, сэтгэл гэнэн Жунай. “...Хүү нь нүүрээ буддаг, сайхан үнэртэй, бадриун ягаан хүүхэн дагуулсаар нэгдэлдээ ирж, орон гэрийг нь эзэгнэн сууснаас хойш Жунай цамц гутлаа тайлж гэрийнхээ хойморт суудгийг болиод, зөөлөн түргэн хөдөлгөөнөөр орон гаран хог цэвэрлэж, мөс хайлж, оройд нь ханцуйгаа шамлан гурил элдэж, мах хөшиглөдөг болжээ. Үг хэлсэн ч зөөлөн дуугаар хэлээд, зөв хэлэв үү буруу хэлэв үү гэж лавласан янзтай бэрийнхээ нүүр рүү сэмхэн ажна...” Гэтэл үеийнхээ хөгшчүүлтэй нийлж хээр гарч хашаа барих ажилд дайчлагдах нь энэ. Үүнээс илүү баяр гэж юу байх сан билээ? Чингээд “...яг явахынхаа өглөө бэрийн мэдэлд, цоохор шүүгээнд байдаг хэдэн шил архинаас гурвыг нь гялс гялс хийтэл аваад богцондоо хийчихжээ...”

           Ийнхүү таван өвгөн ирснээр эль хуль эзгүй байсан тэр газар гэртэй, малтай, дуу шуугиантай, бас Дандарын дагуулж ирсэн нохойтой ч болж, мөнөөх Жунай “мартсанаа санасан юм шиг цамцаа тайлан шалдан цээж гаргаж, ганцаараа хойморт хөл нүцгэн суучихаад”, богцныхоо ид шидийг үзэн инээд алдана. Насандаа баймгүй хүүхэн шуухан эргүүлдэг нэгийгээ цөмөөрөө гоочлох мөртлөө сэм атаархацгаана. Үнэхээр сэтгэл зүрхний угаас, амьд бичигдсэн өгүүллэг шүү. Монголын хүүрнэл зохиолд өвгөдийн дүр олон бий. С.Эрдэнийн “Диваажинд хүрэх оньс”, “Өвгөн шувуу”-гаас эхлээд П.Баярсайханы “Хөх туурийн тал” хүртэл. Тэдгээр өвгөдөөс хамгийн шилдэг нь “Нурамтын өвөрт”-ийн Жунай. Энэ утгаараа П.Лувсанцэрэнгийн уран бүтээлийн оргил нь гэж би боддог.

 

3.   ХАВРЫН ШУВУУ (1970)

 

Ерөнхий агуулгаараа бол соц реалист гэмээр өгүүллэг. Гэхдээ П.Лувсанцэрэнгийн зурсан замчин Дамба өгүүллэг дотор өөрөө амьдраад явчихдаг. Түүний сэтгэл татагдсан бүсгүй Ариунаа ч мөн өгүүллэг дотор яг өөрийнхөөрөө л байж чаддаг. Бүсгүй хархүүг өөрт нь санаатай явдгийг мэднэ. Гэвч мэдэж байгаагаа мэдэгдэхгүй. Бүр цаашлуулж, явуулж хэтрүүлчих шахна. “Хаврын шувуу” бол нийгмийн дарамтыг маш хөнгөн, хайрламаар уран дүрсэлсэн, уянгын өгүүллэг юм. Хүнд сэтгэлээ нээх амаргүй. Эцэст нь тэд бие биеэ арайхийж л бүрэн ойлгоцгоолоо. Гэвч амьдрал тэднийг учралыг тухайн нийгмийн шаардлагаар салгаж сорьжээ. Сорилтыг Дамба давж чадах уу? Ариунаа түүнийг хүлээх болов уу? Ийм бодол уншигчдад үлдэж байгаа нь л өгүүллэгийн утга учир, үнэ цэнэ юм. Зохиогч өгүүллэгийнхээ төгсгөлд

 

                       ...Дан приказ: ему - на запад,
                       Ей - в другую сторону...
                       Уходили комсомольцы...

 

хэмээх Зөвлөлтийн хувьсгалчдын тухай хагацлын дууг санаандгүй ч нэг орчуулж эшлээгүй байх. Социалист нийгэм өөрийн гишүүддээ жаргалтай амьдрах зав чөлөө ч олгож байгаагүйг эндээс харж болмоор санагдана. Тухайн цаг үеийнхээ, хаанаас ч юм бэ гэнэт л шийдвэрээ тулгах нийгмийнхээ тэрхүү ойлгомжгүй хуваарилалтыг хүлцэн дагаж буй баатруудын доторх харууслыг ч бас уншигчид цуг мэдэрч, тэр бүхнийг маш хөнгөнөөр ойлгож эвлэрч байгаад нь сэтгэл татагдам, дотносож өрөвдөм өнгө аястай бичигдсэн учраас, амьдралыг ямар ч нөхцөлд нь хайрлаж болохуйц сэтгэгдэл төрүүлж уншигддаг учраас “Хаврын шувуу” өгүүллэг манай хүүрнэл зохиолын түүхэнд яригдсаар, дурсагдсаар үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

4.   НЭГЭН ҮДЭШ (1971)

 

Зохиолчийн дуусгаж амжаагүй “Бодол” хэмээх өгүүллэгээс харвал, П.Лувсанцэрэнгийн уран бүтээл ер нь ухамсрын урсгал руу шилжиж байжээ. ХХ зууны өрнийн утга зохиолтой ултай танилцсан хүн учраас аргагүй ч байх. Гэхдээ бичигдэж гүйцсэн зохиолыг л жишээлж ярихгүй бол хий хоосон таамаг болчихно. Тиймээс өнөө цагийн монгол өгүүллэг дэх ухамсрын урсгалын эхлэлийг “Нэгэн үдэш”-ээс олж харах боломжтой хэмээн дүгнэмээр байна.

           “Нэгэн үдэш”-ийг чухалд тооцон нэрлэх онцлог нь гол дүрийн эмх цэгцгүй бодлын урсгал. Шартсан, магадгүй сэтгэл зүйн экзистенцид хашигдсан эрийн монолог.

           Хорлоо хэмээх нэгэн эр эхнэрийнхээ шаардсанчлан мөнгө олохоор өдөржин хий дэмий оролдсоны эцэст харихаас бэрхшээн гудамжаар сэлгүүцэж явахдаа “Одоо миний сэтгэлийг юу ч сэргээхгүй. Оюун ч сэргээхээсээ өнгөрсөн” хэмээн гутруухан бодож явна. Оюун гэдэг нь өмнөх долоо хоногт галт тэргэнд санаандгүй танилцсан бүсгүй аж. Ойрмогхон хоёр гурван ч үдэш тэрхүү “богино хар пальтотой, тайрмал үстэй, ядам хуруундаа том чулуун шигтгээтэй бөгж зүүсэн, урт сормуустай” бүсгүйтэй уулзаад оройтож харьжээ. Оройтсоны учрыг эхнэр нь шалгаан хэрүүл ч дэгдэж. Гэр дэх хэрүүлдээ гутраад түүнд Оюунтай ахин уулзах сонирхол ч алга болж. Ийн гиюүрч явахад нь гэнэтхэн согтуу эр таарав. Шавилхан биетэй, ухаангүй болтлоо согтсон эр түүний сонжооч харцанд зэвүүцсэндээ нүднээс нь гал бутартал цохиж, бас нэмж хамар руу нь нударгалчихаад замаа хөөнө. Яг ийм санаандгүй балай явдлын дараа л, яагаад ч юм бэ, гэнэт дотор нь онгойсон Хорлоо гэртээ учиргүй аз жаргалтай инээмсэглэсээр ортол, эхнэр нь ч мөн доогтой инээд алдсаар угтжээ. Анх тэрээр эхнэрийнхээ ийм л инээмсэглэлд татагдан дурласнаа ч санана.

           Өгүүллэгийг уншиж гүйцээд бид ч тайвширчихдаг. Амьдрал сайхан санагдаад л явчихдаг. Гоц гойд юм юу ч гарахгүй хэрнээ ийм л шидтэй өгүүллэг дээ. Энэ хэв маяг гүнзгийрсэн бол манай хүүрнэл зохиол сэтгэлзүй ба сэтгэлгээний хийсвэрлэл рүү арай эрт ороход чухал түлхэц үзүүлэх байсан ч юм бил үү?

           Энд онцолсон дөрвөн өгүүллэгийн амтыг жинхэнээс нь авъя гэвэл мэдээж хүн бүр өөрийнхөөрөө унших хэрэгтэй. Тэгээд ч миний энэ бичвэр бол тойм гэхээсээ илүү, Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн уран бүтээлийг сорчилж харахад нэмэр болгож буй санал төдий л юм. Харамсмаар богино насалсан, тэр л сайхан зохиолчийн 90 насны ойг хүндэтгэн төрөлх сумынх нь 100 жилийн ойгоор хэвлүүлж гаргасан энэ эмхэтгэл чухам тэр нарийн нандин амтыг мэдрэхэд танд тус дэм болно буй за. Ийм нэгэн номыг таны гарт хүргэж, содон сонин зохиолчийн уран бүтээлийг өргөнөөр сурталчилж буйд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Нутгийн зөвлөл буюу “БАЯНБУЛАГ НУТГИЙН ХӨГЖИЛ НИЙГЭМЛЭГ” НҮТТБ-ынханд болон зохиолчийн ах дүүс, төрөл төрөгсдөд зохиолч нөхдийнхөө өмнөөс гүнээ талархаж байна.

 

                                               Зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г.АЮУРЗАНА

 

Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 9 /2024.6.03/


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл