САГЛАГАР МОД

2024-09-09 03:03
САГЛАГАР МОД


Сүүлийн жилүүдэд роман бичлэгт чамгүй ахиц гарч зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Илбэ зэрэглээ” (2003), “Арван зүүдний өр” (2005), “Амь тавьж буй шувууны далавч” (2006), “Цуурайнаас төрөгсөд” (2007), “Бөөгийн домог” (2010), “Шүгдэн” (2012), “Хар цагаан улаан” (2014), “Судасны чимээ” (2015) болон зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” (2014), яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” (2012), “Шилийн Богд” (2015), зохиолч Н.Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” (2014), зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” (2016).., гээд олон бүтээл хэвлэгдлээ. 

           

           Дэлхийн улс орнуудын урлаг, уран зохиолын туурвил зүйд гипертекст буюу эх текст, эш бичвэр гэх ойлголт бий. Энэ тухай профессор С.Энхбаяр «Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дорны сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт бууралт, шинэчлэл, сэргэн мандалт гэх мэт онцгой цикл үеүддээ өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. Бэмби сан. хуудас 274) гэж дурдсан байдаг. Мөн үүнийгээ зохиолч Г.Аюурзанын бүтээлүүдтэй холбон «...2000 оноос хойш манай боловсролтой, уншдаг, сэтгэлгээний харьцангуй өндөр төвшинд гарсан уран бүтээлчид болох Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана нарын бүтээлүүд “Нууц товчоо” болон, “Бодичария аватара”, “Очироор огтлогч” г,м соёл, ахуй, оюун санааны язгуур, шавхагдашгүй эх ундарга болсон гипертекстүүддээ эргэж хандах болсон нь чухамдаа ийм учиртай...» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. Бэмби сан. хуудас 275) хэмээжээ. 

           

Академич Ц.Дамдинсүрэн абугуайн “Монголын нууц товчоо”-ны өмнөтгөлдөө «саглагар мод» хэмээн дурдсанчлан Нууц товчоо хэмээх энэхүү саглагар модтой холбогдох бүтээл бол зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Морин уруул” роман. 


Уг бүтээлд монголчуудын туулсан амьдрал хийгээд нийгэм ахуйн өөрчлөлтийг Дэгмид гэх багийн бага эмчийн дүрд уян үзүүлэхдээ хүнийг нийгмийн амьтан гэдэг боловч яг үнэндээ байгалийн л амьтан байдаг жам ёсыг дүрсэлжээ. Ингэхдээ хүн багадаа байгалийн амьтан байгаад амьдралын хийгээд насны дунд үедээ нийгэм үрүү хандах боловч нас өтлөхийн хэрээр эргээд л байгальдаа зохирдог болохыг нь ялангуяа нүүдэлчин монгол хүнд ийм шинж давамгай байдгийг Дэгмидийн дүрээр гаргасан аж. Сав, шим ертөнц дахинаа галт амьтан, нарны толбо, луу, хөх манан.., гээд учир нь үл танигдах үй олон үзэгдэл юмс буйн адил хүний сэтгэлд ч учир нь үл мэдэгдэх өөрөө үл тайлбарлан чадах олон үзэгдэл буйг Дэгмидийн нутагтаа яагаад үлдсэнээ, Сэржмааг яагаад байнга хажуудаа байгаа мэтээр сэтгэдэг зэргээ өөрөө хэлж мэдэхгүй байгаагаар үзүүлсэн буй.


Энгийн хэл найруулгаар яг л өнөөгийн амьдралын дүр зургийг бүтээсэн нь романыг үнэмшилтэй болгож байгаа бол эртний улбаатай домог хууч яриануудыг шигтгэсэн нь романыг уран болгожээ. 


Тодруулбал “Морин уруул” романд: «...Тэр явдал яг энэ Хүдрэнгийн голын эхэнд болсон юм. Тэр үед Дэгмидэд нэг их сайхан сэнгэнэсэн хүйтэн юм уух сэдэл төрөөд, тэгээд байж суух аргагүй болсон аазгайгаа дарахын тулд санаанд нь бууснаар Хүдрэнгийн голын эхэнд шуугиулж ирсэн билээ. Хүдрэнгийн голын ус тэгэхэд үнэхээр сэнгэсэн сайхан амтаараа сэрүү татуулан Дэгмидийн аазгайг дарж өгч билээ. Тийнхүү Дэгмидийг аазгайгаа дарж суун ахуйд Хүдрэнгийн голын эхэнд гундсан шарга морьтой өвөгжөөр эр мөн л хавцал өгсөн ирсэн юм. Тэр хүн Дэгмидтэй мэнд мэдэв үү үгүй юу дөрвөн хөллөж аваад Хүдрэнгийн голын уснаас яг л цангасан адуу шиг залгилж гарсан билээ. Эг маггүй ус ууж аваад сэтгэл нь ханасны дараа тэр хүн мод толгойгоо гарган тамхи нэрж баахан бодол болон сууж байгаад Дэгмидээс ойр зуурын яриа өдөж билээ...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 45) хэмээн дүрсэлсэн буй. Зохиолын гол дүр Дэгмид энэхүү болсон явдлынхаа тухай зохиолын өөр нэгэн дүр болох Насан өвгөнд ярихад өвгөн: «...Ээ базарваань. Чи чинь Бичигт хайрханы лус савдагтай таарсан байна шүү дээ. Чи их хувьтай хүн юм. Баргийн хүнд Бичигт хайрханы эзэн харагддаггүй юм гэнэ билээ. Бичигт хайрханы савдагийг тийм нэг гундсан шарга морьтой, гандсан цагаан дээлтэй өвгөн байдаг гэж ярьдаг юм...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 46-47) гэнэ. Энэ нь романы нэлээд өгүүлэмжийг эзлэн буй домог, үлгэрийн уламжлал, бөө мөргөлийн ёсон хийгээд уул усны эзэн түүний тайлга тахилгын зан үйлтэй холбогдох юм. Бөө мөргөлийн ёс хийгээд эртний сэтгэлгээнд бүхий л уул, ус тэргүүтнийг цөм өөр өөрийн эзэнтэй хэмээн үздэг агаад эдүгээгийн Улаанбаатар хотыг тойрон буй хүрээ дөрвөн уулын эздийн талаар профессор, бэлгэ зүйч С.Дулам «...Нэгдэх охин анхны аюулыг анхлан зайлуулснаараа “урд уулын савдаг анчин эр болоосой” гээд явчихсан гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан гөрөөндөө харамгүй, худал хулгайд дургүй настай анчин эр савдагтай болсон гэнэ. Хоёр дахь охин хөнөөлийг хөөсөн хөх чоно болсон учир “Сонгино уулын савдаг сахиус болъё” гээд явсан гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин /хөх чоно/ савдагтай уул болсон гэнэ. Гурав дахь охин эрдэмтэй хүн болж ирсэн гурав дахь чөтгөрийг дарсан учир “эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя” гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ. Дөрөв дэх охин баруун урдаас байлдахаар ирсэн хорлолыг хариулсан учир “Баатар эрийн сахиус болж Баянзүрх уулын савдаг болъё” гэж явснаас Баянзүрх уул цэрэг эрст ээлтэй туг тахиж эртнээс цэрэг суурьшдаг болсон гэнэ...» (Дулам.С. Хүрээ дөрвөн уулын тахилга, бэлгэдэл. УБ. 2004. Мөнхийн үсэг. хуудас 9) гэсэн буй.


Энэ мэт баримтууд нь Ц.Буянзаяагийн “Морин уруул” романыг домог зүй, аман уламжлал хийгээд нүүдэлчдийн язгуур сэтгэлгээтэй уяж байгаа бол “Монголын нууц товчоо”-ны уламжлалыг нь: «Үнэхээр гэрлэн биет хүмүүнээс хүүхэд олно гэж байх уу? Энэ асуултыг Дэгмид өөрөө өөртөө тавихаас аргагүй байдалд хүрчээ. Түүний олж авсан мэргэжил, мэдлэг бол шууд үгүй гэсэн хариултыг л тэр дор нь өгнө. Тэгвэл Алунгоо эх яагаад ийм үгийг хүүхдүүддээ хэлэх болов. Алунгоо эх худлаа хэлсэн байх уу, эс бөгөөс Алунгоо эхийн тухай “Нууц товчоо” дахь тэр өгүүлэмж домог байсан хэрэг үү. Эсхүл Нууц товчоог бичиглэн суугч нэр үл мэдэгдэх тэр нэгэн хүмүүн санаан зоргоор зохион өгүүлэв үү?...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 50) зэрэг баримтуудаас харж болно.


Улмаар «...Монголын аугаа хаадын эмэг эх Алунгоо, Хүдрэнгийн голын жирийн нэг эмэгтэй хоёрт гэхдээ адил зүйл байна аа. Тэд хоёул тав таван хүүтэй. Эхний хоёр хүүгийнх нь эцэг гэгддэг хүмүүс байдаг. Харин сүүлийн гурван хүүхдийнх нь эцэг хэн болох нь таамаг төдий ч сураггүй аж. Өрх толгойлсон ганц бие бүсгүй хүн тавын таван хүүгээ өсгөх гэж ямархан зам туулдаг гэдгийг Дэгмид Долзодын амьдралаас харсан...» (Буянзаяа.Ц. Морин уруул. УБ. 2015. Хөх Монгол Принтинг. хуудас 50) гэж өгүүлэн Нууц товчооны домог зүйн өгүүлэмжийг орчин цагийн амьдралтай уян нийлэгшүүлээд алив өгүүлэмж дүрслэлүүддээ, тодруулбаас галт амьтан гэж юу байсан, хөх манан яагаад татсан, машинтай хүмүүстэй юу тааралдсан, Долзодын бага хүү хэний хүүхэд болох зэрэгт эцсийн хариулт өгөлгүй үлдээсэн нь “Морин уруул” романы онцлог, зохиолч Ц.Буянзаяагийн зохиомжийн шийдэл төдийгүй амьдрал, хүний оршихуйн эгэл энгийн мэт хэрнээ давтагдашгүй мөн чанарыг харуулж байна. 

Монгол үндэстний соёлын онцгой шилжилтийн үе, алив үндэстний олон соёлуудын мөргөлдөөн, даяарчлалын эрин үед бусад үндэстнээс ялгаран үлдэх мөн чанар нь гагцхүү бидний гипертекстүүдэд л буюу “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, эртний олон баатарлаг туульс, домог зүйн тогтолцоо, буддын олон судруудад л оршин буйг энэ мэт уран бүтээлүүд хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлаас үзэж болохоор байна. Даяарчлалын үр дүнд соёл хоорондын тулгаралт үүслээ. Энэ тулгаралтыг бид өөрийн мориор буюу гипертекстүүдээрээ даван гарч үлдэхийн мөн чанарыг эдгээр бүтээлүүд номлож байна. 

Социализмын үед ЗХУ-ын зохиолчдоос уран бүтээлчээр суралцаж байгаа нь энэ хэмээн Дөлгөөн Доныг Тунгалаг Тамир болгох, Ч.Айтматовын “Далайн хөвөөний алаг хав толгой” туужийг Д.Мягмар “Үер” нэрээр монголжуулах зэрэг нь манай том хэлбэрийн үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд түлхэц өгөхөөсөө илүү хөгжлийг нь боомилж байсныг эдүгээ үзэж болох юм. 


Харин ХХI эхэн дээр манай энэ цаг үеийн томоохон уран бүтээлчид өөрийн ард түмэн, нийт монгол туургатныхаа гипертекстүүд үрүү ийнхүү эргэн хандаж оршин буй цаг үеийнхээ хөрсөнд буулган идээшүүлж байгаа нь манай роман бичлэгт төдийгүй нийт уран зохиолын хөгжилд нааштай үр дүн авчрах нь эргэлзээгүй. Ийн үзвээс Ц.Буянзаяагийн "Морин уруул", Г.Аюурзанын "Бөөгийн домог" хоёр роман нь “Монголын нууц товчоо” хэмээх саглагар модны салаа мөчир нь буюу. 


Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл