НАЙМАН ИШИГНИЙ ХЭРЭГ БА  МОНГОЛЫН ИХ АДАЛ ЯВДАЛ
НАЙМАН ИШИГНИЙ ХЭРЭГ БА МОНГОЛЫН ИХ АДАЛ ЯВДАЛ

2023-10-30 04:40


Уран зохиолын шүүмжлэгч, профессор С.Энхбаяр тэртээ 2008 онд «Утга зохиол дахь “Баасан авгай” нар ба бидний үнэт зүйлс» хэмээх уран сайхны шүүмж бичсэн байдаг билээ. Мөнхүү шүүмждээ уран зохиолын уран сайхны шүүмжийн салбарт од болохыг хүсэгчид хийгээд нийгмийн зарим салбарт шуугиан тарьж нэрд гарахыг хүсэгчдийн үнэн төрхийг нээсэн байдаг бөгөөд тухайн үед бичигдэж байсан зүйлс өдгөө ч үргэлжилсээр...


Цаг үе болгон өөрийн сэтгэцийн өвчтэй байдаг ёсоор энээхэн цаг үеийн сэтгэцийн эмгэг нь даамжирсаар яль шальгүй дуулиан шуугиан хөөцөлдөн нэр ашиг олохыг хүсэгчид нэт болжээ. Мэргэшсэн зүйл юу ч үгүй, яриаг нь сонсоход нэг ном бүтэн уншаагүй нь тод харагдах ядуу сэтгэлгээтэй, гагцхүү өөрийн бүдүүлэг зан, ичгүүр сонжуургүй байдалдаа найдсан олны дотор шуугиан дэгдээхээс өөрийг үл мэдэгч сэтгүүлч нэртнүүдийн арми хар массын сэтгэхүй дээр тоглон, тодорч нэр ашигт донтсоор буй нь өдөр тутмын цахим ертөнцийн холион бантангаас нэн тод харагдмой. Шинэ цагийн «Баасан авгай» нар ар араасаа төрж, монголын хэвлэл мэдээллийн магнатууд тодорсоор байна. “Найман ишигнийхэн” нийтлэлч Ж.Гангаа агсан шиг анализтай нийтлэл, энгийн хэл, үнэн дүрслэл бүхий замын тэмдэглэл бичиж чадахгүй, сэтгүүлч Б.Ганчимэг шиг судалгаатай, зоригтой асуултаар ярилцлага хийж мэдэхгүй, яруу найрагч Р.Эмүжин шиг зарчим ярьж ойлгохгүй зүгээр л олны дотор шуугиан тарихын тулд мах зулгааж, шээс шиншлэнэ.


Сэтгүүлч нэртнүүдийн иймэрхүү авирлал нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд уран зохиолын ертөнцөд ч халдварлан хавдар болов. Уран зохиолын ертөнцийг дуулиан шуугиан төдийгөөр эзэгнэж болно хэмээн санагчид шөнийн од мэт түгэн өөрсдийн ланжгар бүтээлүүдийг өдөр алгасахгүй хэвлүүлсээр байна. Хэвлэгдэж буй номын тоо хийгээд өнгө үзэмжийг ажиглаваас уран зохиол маань мөн ч сайхан хөгжиж буй мэт. Гэвч номын дотоод агуулга, хэл найруулгаас авах юм бараг үгүй. Хар массын халтар зохиолуудыг сэдвийн талаас нь хэд хэд зааглан үзэж болно. Пара утга зохиолын тэргүүн эгнээ нь адал явдалт зохиолуудын үер юм.


Уран зохиолын адал явдалт (detective) зүйл эртний уламжлалтай. Профессор Д.Галбаатар “Уран зохиол онол, түүх, шүүмжлэлийн нэвтэрхий толь” бүтээлдээ «Дедектив зохиол (анг. detective, орос. дедективная литература) Мөрдлөг, тагнуул туршуул, эрэн сурвалжлах чиглэлийн зохиолыг анх дедектив гэж нэрлэж байв. Эдүгээ адал явдал, гэмт хэрэг, мафи, цэрэг, улс төр-эдийн засаг, цэрэг тагнуул туршуулын чиглэлтэй хурц үйл явдалтай, тулааны элемент голлосон зохиолыг нийтэд нь нэрлэдэг» (Галбаатар.Д. Уран зохиол онол, түүх, шүүмжлэлийн нэвтэрхий толь. УБ. 2012, 127) хэмээн тодорхойлсон байгаа бөгөөд уг чиглэлийн зохиолын жишээнд А.Конан-Дойль, Ж.Х.Чейз, Ж.Верн нарын нэрийг дурдсан байна.


Тэртээ 1859 онд төрж 1930 онд таалал болсон Британийн нэрт зохиолч Артур Конан Дойль Шерлок Холмсын тухай цуврал бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршжээ. Түүний адал явдалт зохиолын амин сүнс нь үнэмшилт шинждээ л байсан нь харагддаг. А.Конан Дойль эмчийн мэргэжил эзэмшсэн, К.Г.Юнг, Ф.Ницще, К.Фройд нарыг шимтэн судалдаг байсан бөгөөд түүний зэрэгцээгээр криминалистикт суралцсан байна. Боловсролынх нь эдгээр онцлогууд түүний уран бүтээлээс тод харагддаг. Түүний 1887-1927 оны хооронд бичсэн алдарт Шерлок Холмсын цувралд учир шалтгааны ухаан (логик)-д мэргэшсэн мөрдөгч Шерлок ба криминалистикч эмч Ватсон нарын дүр дүрслэгддэг ба энэ зохиолиор олон оронд кино хийсэн, өдгөө ч дэлхийн үзэгчдийн сонирхлыг дайчлан татсаар байдаг нь гагцхүү зохиолчийн мэдлэгтэй л холбоотой. Мөнхүү бүтээл нь массын буюу олон нийтийн уран зохиол гэдэг ангилалд хамаарах агаад уран зохиолын авьяасын хувьд ч А.Конан Дойль сонгодогт орохгүй байх, харин адал явдалт зохиол бичихийн хувьд, учир шалтгааны ухаанд мэргэшсэн, криминалистикч эмчийн мэдлэгийн хувьд тэрчлэн түүнийгээ уран зохиолд амьдруулахын тухайтад бүхий л цаг үеийн уран бүтээлчдийн дотор сод сэтгэгч байсантай нь хэн ч маргахгүй буй заа. А.Конан Дойлийн адал явдалт зохиолын сонирхолтой байхын учир утга нь мэдлэгтээ байсан бөгөөд зөвхөн Конан Дойлоор зогсохгүй, монгол уншигчдын дунд алдаршсан адал сонин явдалт зохиолын төлөөлөгчид болох А.Дюма, Ж.Верн, Э.А.По, Ж.Лондон, Ж.Х.Чейз нарын уран бүтээлүүд ч чухамхүү шинжлэх ухаанч өргөн мэдлэг, логик учир шалтгааны үнэн зөв гаргалгаандаа л үнэ цэн нь оршдог билээ.


Гэхдээ адал явдалт зохиолын гол шинж нь зөвхөн мэдлэг, логиктоо ч байдаг юм биш. Цаад мөн чанартаа үндэстний үнэт зүйл, менталетит шинж, сэтгэлгээний онцлог хэмээх ихээхэн чухал зүйл дээр тулгуурладаг.


ХХ зууны хар массын адал явдалт зохиолын сонгодог төлөөлөгч Жеймс Хэдли Чейз. 1906 онд Лондонд төрж, 1985 онд Корсод нас эцэслэсэн түүний жинхэнэ нэр нь Рене Брабазон Рэймонд, агаад 93 адал явдалт зохиол бичсэн гэж тэмдэглэсэн бий. Англи, америкийн зохиолч түүний философи үзэл нь прагматик. Тиймээс америк хүний ашигч сэтгэлгээг харуулах агаад америк адал явдалт зохиолын эцэст хэн нэг хүн ашиг хүртдэг дүрслэл түгээмэл. Америкийн адал явдалт кинонд хэн нэгэн шоронгийн хулгайч ч юм уу, нэгэн ихээхэн азтай, булчинлаг эр, их мөнгө сайхан хүүхнийг өөрийн болгоод дуусч байгаагаар дүрслэгддэг. Энэ бол америкийг бий болгосон философидолт гэх прагматик философи үзлийн л илрэл, тэдний үнэт зүйл нь.

Дараагийн жишээ гэвэл ХХ зууны сүүл үеэр монголд төдийгүй дэлхий дахинд алдаршиж байсан Италийн сэтгүүлч, зохиолч Марко Незегийн “Наймаалж” цуврал. Комиссар Коррадо Каттанийн дүрээр дамжуулан мафийнханы тэмцэлдээн, эцэс төгсгөлгүй өшөө авалтын түүхийг харуулдаг. Энэ нь цаад мөн чанартаа Итали, Сицилийн арлынханы өсөрхүү мөн чанартай л холбоотой.


Марко Незегийн “Наймаалж” цуврал


П.Меримегийн “Коломба” туужид ч энэ шинж дүрслэгддэг. Латин Америкийн өш хонзонт шинж байдлыг үзүүлсэн зохиолуудаас дэлхийд алдаршсан нь Г.Г.Маркесийн бүтээлүүд, түүн дотор “Зарлагдсан үхлийн товчоо”. Латин Америкийн уран зохиол нь тухайн үндэстний өсөрхүү шинж байдал, дээр нь охин биеийг чухалчлах үзэл, эрээгүй секс нэмэгддэгээрээ алдартай, эдгээр нь тухайн үндэстний мөн чанар, бусдаас ялгарах онцлог нь.


Япон адал явдал. Япон адал явдалт зохиол бас л үнэмшилт шинжээрээ онцгой агаад мэдээж зөвхөн япон мөн чанар буюу зарчимдаа үнэнч үлдэх мөн чанар нь нэвт харагдсаар дуусдаг. Япон адал явдалт зохиолд баатар нь хайртай хүмүүсээ хөнөөх, эцэстээ өөрийнхөө гэдсийг хүүлэх (Мишима Юкио, “Эх оронч үзэл”) ээжийгээ ууланд хаях (Шохёо Имамури, “Нара уулын домог”) нь ердийн үзэгдэл агаад эцэст нь самурайн ёс (бүшидо) ч юм уу, тодорхой нэг зарчим, уг чанартаа япон ёс зүй л үлддэг.


Шохёо Имамури, “Нара уулын домог”


70 жил колончилогдсоны буянд оросуудын адал явдлыг манайхан өөрийн болтол уншсан, орос адал явдал нь архичин, бүдүүлэг шинжээрээ алдартай бөгөөд харин зохиолын эцэстээ бас л орос мөн чанар нь өөрөөр хэлбэл россия щедрая душа нь нэвт гэрэлтсээр дуусдаг.


Гэтэл монгол адал явдал гэж байна уу? Манай адал явдалт нэрт зохиолуудаас харах юм бол монгол хүн шиг гэнэн, тэнэг амьтныг дэлхий гэх энэхүү гаригийн шимт ертөнцөөс үл олмой. Өмнөх үеийн уран зохиолын тойм лекцэн дээр багш нар адал явдалт зохиол гэдэг жишээнд Ш.Шажинбатын “Элс цас”, Ж.Бямбаагийн “Энэрэлгүй хорвоо” мэтийн цөөн зохиолуудыг дурддаг байсан юм. Сүүлийн жилүүдэд уран зохиол маань «цэцэглэн хөгжснөөр» манай утга зохиолын ертөнцийг адал явдалт зохиолын урсгал Херлуф Бидструпийн “Уран шог” номын “Муухай үер” гэдэг шиг л дайрлаа. Хар массын халтар эрээчигчид адал явдалт ба түүхэн зохиол бичиж чадна хэмээх өөрсдийн хүчин чадалдаа бүрэн итгэлтэй байдаг нь нэн гайхалтай.


Сүүлийн үед адал явдалт бүтээлүүдээрээ ихэд алдаршин кино ертөнцийг байлдан дагуулахаар зориг шулуудсан бололтой нэгэн бол “Todko Samson” буюу Түмэн-Өлзий МЯГМАРТОГТОХ гэх хүн бололтой. Түүний нэгэн ном нь нүүрэн дээрээ “Вангийн нулимс” романы мөчир бүлэг “Дээд айл” сэтгэхүйн триллер роман гэсэн гарчигтай байх ба номыг нээмэгц “ЧАМД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ?” РОМАНЫ “ХОНЗОН” ХЭМЭЭХ МӨЧИР БҮЛЭГ “ДЭЭД АЙЛ” Сэтгэхүйн триллер роман гэсэн гарчиг мөн гарч ирнэ. За ямартай ч “Дээд айл” гэдэг зохиол бололтой, харин хоёр ч аугаа романы мөчир бүлэг гэж ойлгов. Харанхуй массын бүтээлүүд яг л ийм байдаг бөгөөд уншигчдыг сүртэй гарчиг болон гаж сонин зургаар хуурдаг шар сэтгүүл зүйн тактикийг түгээмэл ашигладаг. Зохиолд Ш.Шажинбатын “Элс цас” романаас “Фантастик” продакшныхны хулуулан авч, бас л зохиолч Ж.Пүрэвээс «хуссан» “Зүрхний хилэн” кинондоо ашигласан Эрболд нэрийн “д” үсгийг хассан Эрбол нэрт хасаг, монгол нь үл мэдэгдэх нэгэн залуугийн адал явдал гарна. Өөрөө хамгийн дээд давхарт амьдардаг байж дээд айлаас эмэгтэй хүн нисэж үхэв хэмээн санагч тэрбээр маш нууц аллага хийх алуурчин болох ба хэн нь үл мэдэгдэх багшаар хичээл заалгах юм. Ингээд багштай болчихоор л нөгөө маш нууц гэдэг утга нь үгүй болчихож байгаа юм. Монгол улсын Эрүүл мэндийн яамны, Эрүүл мэндийн дэд сайдын өрөөнөөс эхлээд Монгол орны цахилгааныг нийтэд таслах мэтээр үргэлжилсээр Баян-Өлгий аймаг хүртэл өрнөх аугаа адал явдлууд нь эцэстээ “Юу ч биш ээ, энэ зүгээр галзуурчихсан хүн байсан юм” гэж дуусна. Өөрөөр хэлбэл барууны адал явдалт болон зөгнөлт адал сонин кинонд түгээмэл ашиглах болсон орчин цагийн нано технологи, инновацийн бүтээл, мөн түүнчлэн баруунд их үзүүлдэг сүнс сүүдрийн ертөнц, хятад адал явдалд гардаг хутга шидэх техник.., энэ тэрийг хослуулсан мундаг адал сонин явдлыг дүрслэх гэсэн бололтой. Гэвч ёстой “Өөхөнд боовч нохой тооож шиншлэхгүй, Өвсөнд ороовч үхэр тоож долоохгүй” гэдэг шиг юм болж дээ. Энэ зохиолоос (зохиол гэж нэрлэе дээ Г.Б) мөнөөхөн бусад үндэстнүүдийн адал явдалт зохиолуудад байдаг үндэстний онцлог, үндэстний сэтгэхүй байтугай хасаг монгол нь ч үл танигдах аж. Дүгнэж үзвэл барууны адал явдал, цаашилбал “Барууны үнэт зүйл”-ийг л өөрийн үндэстэнд тулгаж байна.


Энэ буруу. Бид чинь хаяа нийлэн оршиж буй үндэстнүүдийн л адил дэлхийн ууган үндэстнүүдийн нэг шүү! Бид чинь үндэстэнд суурилсан улс болохоос, ямар нэгэн цагаачдын ч юм уу, холбооны улс биш шүү дээ!

 

Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг манай шинэ эрээчигчид сонин содон нэр, чамин үг хөөх, гялгар гялтгар дүрслэлд шүтэх, гоё зэвсэг, урсах цусаар тоглох.., мэтээр хэт чамирхах, барууны кино урлаг болон зарим зохиолоос хулгайлах, солонгосын чивэлт адал явдлыг дуурайн нэг их хүний сэтгэл хөдөлгөдөг амьтад болох гэж нэг бүтээлд үй түмэн зовлон чихэж (тухайлбал, “Аримун” продакшны “Халуун зүрх” гэх нулимсан шуудайг нэрлэж болно. Г.Б) оруулах.., гэх мэтээр хаанаас ч хамаагүй, юу ч хамаагүй самардан савчиж байна.

Хулгай хийж бололгүй яах вэ, харин өөрийн үндэстний менталетит чанар, монгол гэж ялгарах сэтгэхүйг л хэрхэн яаж тусгах вэ гэдэгт анхаарах цаг одоо болсон. Ядаж л Япончууд шиг... Япон зохиолд барууны санаа яваад байгаа хэрнээ л япон гэдэг нь гарцаагүй тодроод байдгийг шинэ, хуучин гэлтгүй зохиолч нэртнүүд тогтож нэг хараасай билээ.

2023-10-19






Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл